Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуандун мужийн Гадаад харилцааны албаны дарга, Гуандун мужийн Ардын Гадаадтай Найрамдлаар харилцах Нийгэмлэгийн тэргүүн Фу Лань тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр Энх тайван, Найрамдлын ордонд хүлээн авч уулзлаа. Хоёр талын олон талт харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй сэдвүүдийг хөндөж, цаашид авах арга хэмжээнүүдийн талаар санал солилцон, уулзалт элэгсэг халуун дотно байдалд болж өндөрлөлөө. Уулзалтын үеэр хоёр талын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа.
Уулзалтаар Манай хоёр орны харилцаа хамгийн тааламжтай үедээ байгааг тэмдэглэж, хамтын ажиллагааг эрчимжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатайг талууд онцлов. Энэ үеэр ноён Фу Лань “Манай муж монгол дах хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хүсэлтэй байна. Энэ оны 10 дугаар сард манай Ардын Гадаадтай Найрамдлаар харилцах Нийгэмлэгийн 60 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан “Торгоны зам ба Нэг бүс-нэг зам дагуух орнуудын Олон улсын хурал”, “Гуан Жоу экспо” зэргийг зохион байгууллахаар төлөвлөж байгаа бөгөөд дэлхийн 30 гаруй улс оролцох энэхүү арга хэмжээнд Таныг төлөөлөгчдийн хамтаар хүрэлцэн ирэхийг урьж байна” гэв.
Гуандун муж нь Хятадын өмнө зүгт байрладаг. 100 гаруй сая хүн амтай, 10 триллион ам.долларын дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм байна.
Уулзалтанд Гуандун мужийн Жи Яан хотын Гадаад харилцааны Хилийн чанад дахь хэрэг эрхлэх газрын хэлтсийн дарга Фү Иөхо, Гуандун мужийн Гадаад харилцааны албаны гадаад томилолтын газрын дарга Жан Чуанжиан, Гуандун мужийн Гадаад харилцааны албаны консулын дарга Чан Бө, Гуандун мужийн Гадаад харилцааны албаны орчуулагч Лу Пэнхао нар дагалдаж, Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Хэрэг эрхлэх газрын дарга Р.Баярсайхан, Хөрш орнуудын газрын захирал Э.Ундраа, Хамтын ажиллагааны газрын дэд захирал С.Энхбат, Хөрш орнуудын газрын 2-р нарийн бичгийн дарга М.Очир нар байлцлаа.
МОНГОЛЫН ЭНХ ТАЙВАН, НАЙРАМДЛЫН БАЙГУУЛЛАГЫН
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА