Оросын сурган хүмүүжүүлэгч Монгол Улсын “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдав.

Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч  Д. Загджав өнөөдөр Энх тайван, найрамдлын Ордонд ОХУ-ын иргэн, ОХУ-ын ЭСЯ-ны дунд сургуулийн захирал Андрей Иванович  Рыжовт Монгол Улсын Засгийн Газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгийг  гардуулав. А. И. Рыжов  Монгол Улсад 5 жил ажиллах хугацаандаа монгол-оросын боловсролын хамтын ажиллагааг  хөгжүүлэх, монгол хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх,  монгол-оросын найрамдлыг бэхжүүлэх үйлсэд идэвх зүтгэл хувь нэмрээ оруулан ажилласан  юм.

Шагнал гардуулах үеэр Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын  Ерөнхийлөгч  Д. Загджав  хэлэхдээ: “Та 2009-2014 онуудад Монгол Улсад ажиллажээ. Энэ хугацаанд Та ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дунд сургуулийг  удирдан ажиллаж,  монгол, орос хүүхдүүдэд  орос боловсролыг  олгох,  сурагчид амжилттай суралцах таатай орчныг бүрдүүлэх, аугаа их  Орос орны түүх, ёс заншилтай танилцуулах,  эрдэм мэдлэгийн эх сурвалж болсон орос  хэлийг заан сургах үйлсэд их   хувь нэмэр оруулсан туршлагатай сурган хүмүүжүүлэгч,  боловсролын байгууллагын чадварлаг удирдагч гэдгээ нотлон харууллаа. Та мөн монгол-оросын боловсролын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх,  манай хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэх үйлсэд  ч зохих хувь нэмрийг оруулсан гэдгийг хэлмээр байна. Таны хөдөлмөр  зүтгэлийг  үнэлж   Монгол Улсын Засгийн Газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” цол  тэмдгээр шагнасныг өнөөдөр гардууулж байгаадаа баяртай байна. Таны цаашдын ажил үйлсэд амжилт, амьдральд тань сайн сайхныг хүсье” гэж хэлэв.

Шагнагдагч А. И. Рыжов хариу хэлэхдээ:” Миний Монгол Улсад ажилласан хөдөлмөр зүтгэлийг үнэлж надад Монгол Улсын Засгийн Газрын нэр хүндтэй шагналыг  хүртээж  байгаад тун их баяртай байна. Монгол орон сайхан орон, монгол хүүхдүүд сурах эрмэлзэл дүүрэн, авъяас чадварлаг хүүхдүүд гэдгийг би энэ хугацаанд ойлгож мэдэрсэн. Цаашид хаана ч ажиллаж амъдарсан Монгол орон, монголын сэргэлэн цовоо хүүхдүүдийг үргэлж санан дурсаж явах болно. Энэ жилүүд миний амьдралын сайхан дурсамж дүүрэн он жилүүд байлаа.  Монголын ард түмэнд сайн сайхныг хүсье” гэв.

Шагнал гардуулахад ОХУ-аас Монгол Улсад суугаа Улаанбаатар хот дахь ОШУСТөвийн орлогч захирал  И. Н. Моисеев,  ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дунд сургуулийн хичээлийн эрхлэгч В. В.  Балашов, МЭТНБ-ын хэрэг эрхлэх газрын дарга Р. Баярсайхан, МЭТНБ-ын ОХУ, ТУХН-ийн гишүүн орнууд хариуцсан нарийн бичгийн дарга Ё. Максим нар байлцлаа.

IMG_3810 (1)

IMG_3815

Leave a Reply