БНХАУ-ЫН СИ АН ХОТОД ЗОХИОГДСОН ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН ОРНУУДЫН ЭНХ ТАЙВНЫ ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛД МОНГОЛЫН ЭНХ ТАЙВАН, НАЙРАМДЛЫН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЗАГДЖАВЫН ХЭЛСЭН ҮГ

– Эрхэм хүндэт төлөөлөгчид өө,

– Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо!

Зүүн өмнөд Азийн болон бусад олон орны  хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх Энх тайвны дээд хэмжээний хурлыг эх орондоо зохион байгуулж буй БНХАУ-д гүн талархал илэрхийлье!

БНХАУ-ын Улс Төрийн Зөвлөлийн дэд дарга, Энх тайван, зэвсэг хураах Нийгэмлэгийн Ерөнхийлөгч Хан Чидэ

Шри-Ланка Улсын Их хурлын дарга Чамал Ражапакса

Бангладеш Улсын Ерөнхий сайд Хуссайн Мухамед Эршад

Кипр Улсын Ерөнхийлөгч асан Димитриос Кристофер

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Энх тайван, Зэвсэг хураах Нийгэмлэгийн Дэд Ерөнхийлөгч, Хятадын Коммунист Намын Төв Хорооны Олон улсын газрын орлогч сайд Хө Жүн нарт мөн талархлаа илэрхийлэхийн ялдамд Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллага, түүний харьяа олон улсын найрамдлын нийгэмлэгүүд, мянга мянган гишүүд дэмжигчдийнхээ өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэж, хуралдааны ажиллагаанд амжилт хүсэн мэндчилье!

Юуны өмнө өнгөрсөн жил болсон хуралдааны үеэр энэ арга хэмжээнд цаашид ОХУ-ыг оролцуулах тухай  манай талын тавьсан саналыг хүлээн авч зохион байгуулж буй БНХАУ-д болон энэ арга хэмжээнд өндөр ач холбогдол өгөн оролцож байгаа ОХУ-д гүн талархлаа илэрхийлэхэд нэн таатай байна .

Ази тивийн төдийгүй дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлыг хангах бүх талын хамтын ажиллагаа,  харилцан итгэлцлийг бэхжүүлэх,  байгаль орчин, экологийн зохистой байдлыг хангах, зэвсэглэлээр хөөцөлдөх, терроризмтай тэмцэх, тусгаар улс орнуудын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, хүний эрх чөлөөг хангах зэрэг дэлхийн нийтийн өмнө тулгамдсан асуудлуудыг ярилцаж шийдвэрлэхэд энх тайвны дээд хэмжээний энэхүү хурал чухал үүрэг гүйцэтгэх учиртайг онцлон тэмдэглэхэд таатай байна.

Азийн орнуудтай харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлж, бүс нутгийн интеграцид оновчтой оролцох нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилт юм.  Ази тивийн, цаашлаад дэлхийн чанартай тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бүх нийтийн үйл хэрэгт хувь нэмэр оруулахын төлөө Монгол Улс хүчин чармайлт гаргаж ирсэн. Тиймээс Төв Азийн бүс нутагт төдийгүй олон улсын тогтвортой, аюулгүй байдлыг хангах, эдийн засаг болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх механизм болон төлөвшиж буй Шанхайн Хамтын ажиллагааны Байгууллагыг/ШХАБ/ Монгол Улс тус бүс нутгийн,  цаашлаад дэлхий нийтийн  хамтын ажиллагаанд тодорхойлох үүрэгтэй оролцох, улам бүр өргөжүүлэн бэхжүүлэх, хүн төрөлхтний нийтлэг эрх ашиг, энх тайвныг сахиулах, аюулгүй байдлыг хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд шийдвэрлэх үүрэгтэй хэмээн үзэж  өндөр ач холбогдол өгч ирсэн. НҮБ-аар халхавчилсан АНУ тэргүүтэй Өрнөдийн орнууд олон улсын гэрээ хэлэлцээрүүдийг зөрчин,  тусгаар улсуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс бүдүүлгээр оролцож, терроризмыг өөгшүүлэн, цэрэг зэвсгийн хүч түрсэн байлдааны балмад ажиллагаа явуулж, эзлэн түрэмгийлэх, эд баялгийг булаан дээрэмдэх,  хүн ард, хүүхэд багачуудыг үхэл хагацал зовлон шаналалд нэрвэгдүүлж буй туйлын эгзэгтэй энэ мөчид та бид хуралдаж байна.

Иймд бид энэ байдалд дүгнэлт өгч, тодорхой шийдвэр гарган НҮБ-д хүргүүлж,  Ерөнхий Ассамблейг хуралдуулахыг шаардах хэрэгтэй байна. Энэ хурлаас гаргасан шийдвэрийг гарсан өдрөөс нь эхлэн Дэлхий улс орнууд дагаж мөрддөг зарчим болгон  хэрэгжүүлэх нь чухал байна.

Үүний тулд дараах хоёр арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Нэгдүгээрт:  Шанхайн Хамтын ажиллагааны Байгууллагын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, эхний ээлжинд хоорондоо хэрэглэх мөнгөн тэмдэгт буй болгон,  цаашид дэлхийн  валютын сүлжээ болгон хөгжүүлэх, мөн мэдээллийн нэгдсэн сүлжээтэй болох,

Хоёрдугаарт:  ОХУ, БНХАУ, Энэтхэг, Бразил гишүүн орнуудын цэрэг зэвсгийн хамтын ажиллагаа, байлдааны бэлэн байдлыг өндөржүүлэх, цэргийн хамтарсан бэлтгэл сургалтыг үе үе хийж,  стратегийн цохилтын нэгдсэн штабтай болох шаардлагатай байгаа юм. Энэ нь бүс нутгийн төдийгүй олон улс орны нийтлэг эрх ашигт гүнээ нийцэж,  өнөөдөр хэмжээ хэрээсээ хэтэрсэн түрэмгийлэлд тодорхой хэмжээний цохилт болох юм.

Манай ард түмний ”Мэхийг мэхээр хариулдаг” тухай  мэргэн сургааль  байдаг юм.

ШХАБ-ын дээд түвшний уулзалтад Монгол Улсын төрийн тэргүүн 6 удаа оролцож,  ШХАБ болон тус байгууллагын гишүүн, ажиглагч, яриа хэлэлцээнд оролцогч орнуудтай харилцаагаа идэвхтэй хөгжүүлэх бодлогыг тууштай баримталж байгаа болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 оны 9 сарын 11-ний өдөр Бүгд Найрамдах Таджик улсын нийслэл Душанбе хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын  Зөвлөлийн 14 дэх удаагийн хуралдаанд оролцож, энэ үер ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нартай гурван талт уулзалт хийсэн нь хөрш гурван орны Төрийн тэргүүн нэгэн цаг мөчид нүүр тулан уулзсан анхны түүхэн үйл явдал болсон юм. Энэ уулзалтын гол зорилго нь нэгдүгээрт, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын дээд түвшний “Улаанбаатарын уулзалт”-ыг хийх бөгөөд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 3 жил тутамд хийж байя гэдэг саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хамгийн эхэнд дэвшүүлсэн. Монгол Улс өөрийгөө ОХУ-ын хувьд Европоос Ази руу гарах, БНХАУ-ын хувьд Азиас Европ руу гарах хамгийн дөт, найдвартай дамжин өнгөрөх дэд бүтцийн зангилаа орон гэж үздэг юм. Ийм учраас энэ гурван улсад дээд хэмжээний уулзалт хийх шалтгаан байгаа гэж бид үзэж байгаа юм.

Хоёрдугаарт, “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн тухай Монгол, Орос, Хятадын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр”-ын явцыг идэвхжүүлэх, “Байгалийн хий дамжуулах баруун шугам”-ыг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан тавих, гурван талын ажлын хэсгийн уулзалтыг энэ онд багтаан Улаанбаатарт хийх асуудлыг шийдвэрлэх.

Гуравдугаарт, Энэ оны 11 дүгээр сард Бээжин хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр тус байгууллагын гишүүнээр элсэх Монгол Улсын хүсэлтийг шийдвэрлэх талд дэмжлэг үзүүлэх гэсэн зорилттой юм.

Өнгөрсөн сард БНХАУ-ынн Дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн албан ёсны дээд хэмжээний айлчлал хийх үер хэлэхдээ: “Монгол, Хятадын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны түвшинд хүргэн дээшлүүлнэ…, Цаашид ч хөршүүдтэйгээ найрсгаар харилцах, энх тайвнаар зэрэгцэн оршиж, баян чинээлэг болгох бодлогыг баримтлана. Бид хөршүүдтэйгээ харилцахдаа эвтэй найрсгаар, чин сэтгэлээсээ, үнэнч шудрагаар хандаж,  эвсэг хөрш, амгалан хөрш, баян хөрш байх бодлого баримтлана” гэдгээ илэрхийлж, мөн түүнчлэн Монгол Улсыг АПЕК-ийн гишүүнээр элсэхийг БНХАУ дэмжиж байгааг хэлсэн юм.

Цөмийн зэвсэгтэй хоёр гүрэнтэй хил залган оршдог Монгол Улс 20 жилийн тэртээ нутаг дэвсгэрээ “Цөмийн зэвсэггүй бүс” хэмээн зарлаж, энэ статусаа механизм болгохоор шаргуу ажиллаж байгаа ба  2012 оны есдүгээр сард цөмийн зэвсэгтэй таван гүрэн Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэхүү статусыг хүндэтгэх, түүнийг зөрчих алхам хийхгүй гэдгээ тунхагласан. Энэ нь цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг байгуулахад манай улс  өөрийн хувь нэмрээ оруулах боломжтойг нотлон харуулсан явдал юм.

Монгол Улс Зүүн хойд Азийн бүс нутгийн орнуудтай хоёр болон олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, яриа хэлэлцээг идэвхжүүлэх зорилтын хүрээнд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлж, энэ оны зургадугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулж, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан юм. “Улаанбаатарын яриа хэлэлцээ” нь тус бүс нутагт аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг  бий болгоход өөрийн хувь нэмрийг оруулахад чиглэх бөгөөд талуудыг яриа хэлэлцээнд оролцуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой. Мөн бүс нутгийн эдийн засгийн интеграц, хүрээлэн буй орчны хамгаалал, уламжлалт бус заналхийлэл зэрэг өргөн хүрээтэй асуудлыг нэн тэргүүнд эрдэм шинжилгээний аргаар таниулан, хамтран ажиллахад чиглэсэн юм.

Монгол Улс бол их өвөрмөц байршилтай орон. Монгол Улс нь БНХАУ, ОХУ-ын хооронд дангаараа  байрладаг, стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаатай  дэлхий дээрх цорын ганц орон. Тийм учраас манай гадаад бодлогын үзэл баримтлалд хоёр хөрштэйгээ найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны эн тэргүүний зорилт гэж томъёолсон байдаг. Монгол Улс гадаад бодлогодоо дэлхийн бүх улс түмэнтэй найрсгаар харилцаж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэн, олон улсын  өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрийг оруулахыг зорьдог.

Өнөөгийн олон улсын харилцааны нэг түгшүүртэй байдал, тухайлбал, АНУ, НАТО-ийн гишүүн орнуудын тусгай албадын Сири, Украин улсад зохион байгуулж  байгаа иргэний дайн, хямрал нь тухайн бүс нутаг төдийгүй, тив дэлхийг хамарсан хурц асуудал болоод байгаа, Монгол Улс энэ асуудлыг эв зүйгээр, улс төр, дипломатын аргаар шийдвэрлэх ёстой гэж үзсээр ирсэн, одоо ч гэсэн ийм байр суурьтай байна. Саяхан Европын Аюулгүй байдал, Хамтын ажиллагааны Нийгэмлэг, ОХУ-ын төлөөлөгчдийн оролцоотойгоор Бүгд Найрамдах Беларусь Улсад болж өнгөрсөн украины сөргөлдөгч талуудын уулзалт яриа хэлэлцээний үр дүнд талууд Украин улсын өмнөд хэсэгт  гал зогсоох шийдвэрт хүрснийг бид бүхэн талархан дэмжиж баяр хүргэж байна.

Энд ОХУ-ын энхийг эрхэмлэсэн тууштай байр суурь, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины болзошгүй дайны аюулыг таслан зогсооход чиглэсэн зоримог зөв шийдвэрийг талархан хэлэхийг хүсч  байна.

Хатагтай ноёд оо!

Монгол Улсын  эдийн засгийн хүчин чадал нэмэгдэхийн хирээр уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц зэрэг салбарт Ази, Номхон далайн бүс нутгийн бүх  орнуудтай олон талт, харилцан ашигтай хамтын ажиллагаа өргөжүүлэх боломж нэмэгдэж буйг үгийн төгсгөлд тэмдэглэн хэлэхийг  хүсэж байна.

Монгол Улс, Азид энх тайван, аюулгүй байдлыг хангах, улс орнуудын хөгжил дэвшил, ард түмнүүдийн сайн сайхны төлөө үйл ажиллагаагаа явуулж буй энэхүү энх тайвны хуралд оролцогч орнуудтай цаашид ч улам бүр идэвхтэй хамтран ажиллах болно гэдгийг дахин илэрхийлье.
Анхаарал тавьсанд баярлалаа.

DSC_9230

Leave a Reply