Бүгд Найрамдах Беларусь улсын Гадаад хэргийн орлогч сайд Евгений Андреевич Шестаков 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Минск хотноо Монголын Энх Тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджавыг хүлээн авч уулзлаа. Уулзалт хоёр талын олон талт харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй сэдвүүдийг хөндөж, цаашид авах арга хэмжээнүүдийн талаар санал солилцож, элэгсэг халуун дотно байдалд болж өндөрлөлөө. Энэ үеэр Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенког Украин улсад үүссэн хурцадмал нөхцөл байдлыг “Минскийн хэлэлцээр”-ийг амжилттай зохион байгуулах замаар зохицуулж дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйл хэрэгт оруулсан гарамгай гавьяаг нь өндөрөөр үнэлж Монголын Энх Тайвны дээд шагнал “Энхийн Алтан од” одонгоор шагнасныг гардууллаа.
Энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, ард түмний найрсаг харилцаа, найрамдал, хамтын ажиллагааг хөгжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх үйлсэд идэвх зүтгэл, хүчин чармайлт, үр бүтээл гарган, онцгой хувь нэмэр оруулсан дотоод гадаадын иргэд, байгууллагыг шагнадаг энэ шагналыг өмнө нь ОХУ-ын Ерөнхийлөгч, Умард Ирланд Их Британийн Нэгдсэн вант улсын Ерөнхий сайд, Японы ханхүү зэрэг нэр хүндтэй, улс төрийн зүтгэлтнүүдэд олгож байжээ.
Уулзалтанд, Монгол улсаас Бүгд Найрамдах Беларусь улсын Минск хотод суугаа Консул С.Цогоо, МЭТНБ-ын Тусгай үүрэг гүйцэтгэгч Нарийн бичгийн дарга Г.Тэнгэр, МЭТНБ-ын Хөрш орнуудын газрын дарга Э.Ундраа, Хамтын ажиллагааны газрын 1 дүгээр нарийн бичгийн дарга Ч.Заяа нар байлцав.