Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллага 2014 оны 6 сарын 24-ны өдөр Олон Улсын Энх Тайвны Залуучуудын Групп-ээс санаачилсан монголын залуучууд, оюутан сурагчдыг хамарсан “Энх тайвны алхалт” үйл ажиллагаанд хамтран зохион байгуулж дуу хоолойгоо нэгтгэлээ.
Энэхүү үйл ажиллагааг нээж Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав үг хэллээ.
Тэрээр “ЭНХ ТАЙВАН, НАЙРАМДАЛ гэсэн энэ хоёр үг манай байгууллагын зорилго зорилтыг тодорхойлон илэрхийлдэг юм.1958 онд байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллага эх дэлхийгээ дайн дажин, хүчирхийлэлгүй тайван ертөнц байлгах, ард түмнүүдийн хооронд найрсаг харилцаа, найрамдал хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө үйл ажиллагаагаа чиглүүлж, энэ талаар монголынхоо олон нийтийн дуу хоолой болж ирсэн юм гэдгийг энд онцлон тэмдэглэхийг хүсч байна. Өнөөдрийн энэхүү энх тайвны алхалтын чимээ дэлхий дахинаа түгэж дайн дажин, хүчирхийлэл, түрэмгийллийг таягдан зайлуулж, ард түмнүүдийн эв санааны нэгдлийг ханган, хүн төрөлхтөн энх тайвнаар зэрэгцэн оршиж, найрсгаар харилцан, хамтран ажиллаж амьдрах сайхан нөхцөлийг бүрдүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. ” гэв.
Олон Улсын Энх Тайвны Залуучуудын Групп нь 2013 оноос эхлэн энэхүү арга хэмжээг санаачлан эхлүүлсэн бөгөөд тэр үеэс хойш дэлхий дахинд 70 гаруй улсын залуучууд дуу хоолой сэтгэл зүрхээ нэгтгэн зохион байгуулж буй Энх тайвны алхаа нь монголд анх удаа зохион байгуулагдаж, Монголын 300 гаруй залуус Энх тайван гэдэг эрхэм нандин зүйлийг сануулж ертөнцийн өнцөг булан бүрт дуугаа хүргэж, хэл соёл, яс үндэс, арьс өнгө ялгалгүй хамтдаа Энх тайван гэж чанга дуугаар нэгдэцгээлээ.
Leave a Reply