2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Москва хотноо “Түмэн газрын цайны зам”-ын дагуу аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх анхдугаар Эдийн засгийн форум хуралдав. Тус арга хэмжээг ОХУ-ын Холбооны Зөвлөл, Оросын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг болон Холбооны Аялал жуулчлалын агентлаг хамтран зохион байгуулсан юм.
Форумын гол зорилго нь Орос, Монгол, Хятад улсуудын хооронд “Цайны зам” нэр бүхий Ази, Европыг дамжсан олон улсын коридорын дагуу аялал жуулчлалыг хөгжүүлэх, худалдаа бизнесийн хэлхээ холбоог бэхжүүлэхэд тус дэмжлэг үзүүлэхэд оршиж байсан.
ОХУ-ын Олон улсын хамтын ажиллагааны Нийгэмлэг, Хятадын Соёлыг дэлгэрүүлэх Нийгэмлэг, Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллага хамтран үүсгэн байгуулсан “Түмэн газрын цайны зам”-ын аялал жуулчлалын холбооны ойрын зорилтуудыг тодорхойлов. Үүнд аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх төслүүдийг хүлээн авч, үндэслэлтэй хийгээд ирээдүйтэйг нь сонгож, мэдээллийн санд байршуулах, аялал жуулчлалын бизнесийн хувьд дэлхийн жишигт хүрсэн бус, “алтан стандарт” буюу хамгийн дээд зэрэглэлийн хэм хэмжээг бий болгох гэсэн зорилтууд байв.
Форумын өмнөх өдөр форумд оролцогч ОХУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Хятадын Соёлыг дэлгэрүүлэх нийгэмлэг, Монголын Энх тайван, Найрамдлын байгууллагын төлөөллийг ОХУ-ын Төрийн Думын нэгдүгээр орлогч дарга И.И.Мельников, ОХУ-ын Холбооны Зөвлөлийн орлогч дарга Г.Н.Карелова нар тус тусдаа хүлээн авч уулзсан нь ОХУ-ын эрх баригчид уг арга хэмжээнд, цаашлаад “Түмэн газрын цайны зам”-ын дагуу аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх энэхүү том төсөлд хэр хэмжээний ач холбогдол өгч байгааг харуулж байна. Үүний бас нэг илрэл нь форумын оролцогчдод ОХУ-ын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин болон ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар мэндчилгээ илгээсэн явдал мөн.
Форумд ОХУ-ын 38 муж нутгийн төлөөлөл, холбооны хийгээд муж нутгийн холбогдох яам, агентлагийн удирдлага, аялал жуулчлалын бизнесийнхэн, олон нийтийн байгууллагынхан оролцов. Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Хятадын соёлыг дэлгэрүүлэх Нийгэмлэгийн орлогч дарга тэргүүтэй 8 хүн, манай улсаас Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Хөрш орнуудын газрын дэд захирал С.Энхбат оролцов.
Leave a Reply