МЭДЭГДЭЛ

             Уламжлалт найрсаг харилцаатай Украин Улсад болж байгаа үйл явдалтай холбогдуулан Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллага мэдэгдэл хийж байна.

Украин улсын нийгэм-улс төрийн байдал хурцдаж, үймээн самуун нэг бус удаа гарсны улмаас олон арван энгийн номхон иргэд, хууль журам сахиулах байгууллагын ажилтнууд амь эрсэдсэнд энхийг эрхэмлэгч монголын олон нийтийн өмнөөс гүнээ харамсаж байгаагаа илэрхийлж байна.

Өнөөдөр тус улсад нийгмийн хэв журам, ард иргэдийн амгалан тайван амьдрал алдагдаж, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөн, амьд явах эрхэнд ноцтой аюул занал учраад байгаад  сэтгэл гүнээ түгшиж байна.

Украины үндсэрхэг радикал үзэлтнүүд, хэт даврагсдыг ашиглан ард түмний  тайван жагсаал цуглааны нэрээр халхавчилсан барууны тусгай албад  өөрсдийн цэрэг, улс төрийн ноёрхлоо тогтоох, Оросын Холбооны Улс болон Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн Гишүүн Орнуудын бүрэн бүтэн байдлыг бусниулж,  хагалан бутаргах зорилгодоо хүрэхийг санаархан, тухайн улс орныг үймээн самуунд хутгаж, нийгэм, улс төр, эдийн засгийн өнөөгийн хямралд хүргэлээ.

Энэ түгшүүртэй байдлыг намжаахад Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн Гишүүн орнууд, дэлхийн хамтын нийгэмлэгийн улс үндэстнүүдийн нэгдмэл хүчин чармайлт нэн чухал байна.

Украины асуудлаарх олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийцсэн Орос орны удирдлагын байр суурь, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг бид бүрэн дүүрэн дэмжиж байна.

Улс орноо эмхлэн тохинуулах,  ирээдүйгээ тодорхойлох асуудлаар Украин улсын бүх иргэд адил тэгш эрхээр хангагдсан байх учиртай. Крымийн Бүгд Найрамдах Улсын иргэд Крымийн хойгийн ирээдүйн асуудлаар өөрсдийн хүсэл, зоригийн үндсэн дээр  бие даан шийдвэр гаргах эрхийг нь  АНУ, Европын Холбоо, дэлхийн бусад улс орнууд хүлээн зөвшөөрөх ёстой.

Монголын Энх Тайван, Найрамдлын Байгууллага Украин Улсын Төр засгийн эрхийг хууль бус, хүчирхийллийн аргаар булаан авч, Олон улсын харилцааны нийтлэг хэм хэмжээг зөрчин, дураараа авирлаж байгаа этгээдүүд, тэдний гар хөл бологсодыг энэ бурангуй үйлдлээ таслан зогсоож, Украины ард түмэнд өөрийн эх орондоо айх аюулгүй, амар амгалан амьдарч, ажиллах боломж олгох нь ёс зүйд нийцсэн хэрэг хэмээн үзэж байна.

 

МОНГОЛЫН ЭНХ ТАЙВАН, НАЙРАМДЛЫН БАЙГУУЛЛАГА

Leave a Reply