Манай орны нийт казах иргэдээ,
Эрхэм хүндэт Баян-Өлгийчүүдээ!
Далан зууны тэртээгээс уламжлагдсан ирсэн Дорно дахины ард түмний шинэ жил Наурызын баярыг тохиолдуулан эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа нийт казах иргэд та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Өвлийг өнтэй давж, урин хавартай учран золгосны ерөөл болгож, өдөр, шөнө тэнцсэн тэгш сайхан өдрийг бэлгэшээн тэмдэглэдэг Наурызын баярыг Монголын казах түмэн минь өнөөг хүртэл тэмдэглэн үр хойчдоо өвлүүлэн, ёс заншил, уламжлал соёлоо өнөөг хүртэл хадгалан ирсэнд талархал илэрхийлж байна.
Улс орны хөгжилд хувь нэмрээ оруулж, удам хойчийнхоо үлгэр дуурайл болсон казах иргэд төр, нийгэм, соёл урлаг, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, үйлдвэр, аж ахуй, энх тайван, аюулгүй байдал, хамтын ажиллагааны бүхий л салбарт амжилттай ажиллаж байгааг онцлон тэмдэглэхийн зэрэгцээ, цаашид ч эх орныхоо хөгжил цэцэглэлтэд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Та бүхэн минь аялгуут домбороо эгшиглүүлэн, айтыс дуугаараа түрлэг өргөж, айл саахалт, ахмад буурлуудаа хүндэтгэн золгож, элгээрээ энх амар, төрлөөрөө түвшин амгалан, сайхан шинэлээрэй!
Та бүхний юу санасан есөн цагаан хүсэл сэтгэгчлэн бүтэх болтугай!
Ұлыс оң болсын,
Ақ мол болсын!
МОНГОЛЫН ЭНХ ТАЙВАН, НАЙРАМДЛЫН БАЙГУУЛЛАГА
ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЗАГДЖАВ
Leave a Reply