2015 оны 6-р сарын 17-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Олон Улсын энх тайван, аюулгүй байдал, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын оролцоо” сэдэвт Улаанбаатарын уулзалт арга хэмжээ зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Уулзалтын үеэр Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, бүх талын хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд хөрш гурван орон ямар бодлого барих, хэрхэн хамтарч ажиллах, байгаль орчин, экологийн аюулгүй байдал, улс орнуудын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хүний эрх, эрх чөлөөг хангах зэрэг дэлхий нийтийн өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг авч хэлэлцэв.
Ардчилал, хүний эрх, терроризмтэй тэмцэх нэрээр халхавчлан түрэмгийлэл үйлдэн дайн өдөөж, хот сууринг устгаж, хүний амь хөнөөх явдал дэлхийн улсуудад өнөөдөр ч гарсаар байгаа. Ийм цагт энх тайвныг сахиулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах асуудлыг энхийн арга замаар шийдэх шаардлага байгаа. Тиймээс дээрх асуудалд ямар байр суурьтай байгаагаа энэ уулзалтаар санал солилцсон юм. Монгол Улсын гадаад бодлогын зорилтыг хэрэгжүүлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, олон улсын энх тайван, аюулгүй байдал, найрамдалт найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын үндсэн зорилтуудын нэг билээ. Иймд дээрх арга хэмжээг Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллага зохион байгуулсан бөгөөд уулзалтыг нээж тус байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав үг хэллээ. Тэрбээр “Олон улсад тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн бүх нийтийн үйл хэрэгт Монгол Улс хувь нэмрээ оруулахын төлөө хүчин чармайлт гарган ажиллаж байгаа” гэж онцоллоо. Мөн “Олон улсын энх тайван, аюулгүй байдал, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд гурван орны гүйцэтгэх үүрэг” сэдвээр доктор, профессор Ж.Энхсайхан илтгэл тавилаа. Түүнчлэн Олон улсын энх тайвны фондуудын холбооны олон улсын хөтөлбөрийн зохицуулагч В.А.Петров ч мөн илтгэл тавьсан. В.А.Петров “Дэлхийн энх тайванд аюул заналхийлж байна. Бид үүнийг эсэргүүцэн дуу хоолой, хүчээ нэгтгэх ёстой. Дэлхийн хамгийн тайван улсуудын нэг Грек, Кипрт яагаад хямрал нүүрлэх болов. Энэ бол Обамагийн явуулж байгаа бодлого. АНУ дайн байлдаанд зориулж 13 тэрбум ам.долларыг цацаж байгаад бид гайхаж байна. Улс орны эдийн засгийг тогтворгүй болгох замаар өөрийн бодлогыг хэрэгжүүлэхээр санаархсан нь илт. Ливи улсад гэхэр өнөөдөр анархизм тогтлоо” гэж АНУ-г буруутгалаа. Харин ”Хуучин зүйлээ устгалгүйгээр шинийг бүтээ гэсэн хятадын эртний үг байдаг. Хятад улс үүнийг бодитойгоор харуулж эдийн засгаа хүчирхэгжүүлж байна” гэв. Түүнчлэн Монгол, БНХАУ, ОХУ-ын байр суурь, язгуур эрх ашиг хүссэн хүсээгүй нэг тийш зүглэж байгааг хэлж, Ази Европыг холбох торгоны зам, төмөр зам зэрэг дэд бүтцийг анхааран хүлээн авч тодорхой ярилцсан талаар дурдлаа. Түүний дараа Бүх Хятадын Энх тайван, зэвсэг хураахын төлөө Нийгэмлэгийн Нарийн бичгийн дэд дарга Тао Тао үг хэлэв. Тао Тао “БНХАУ хөрш орнуудтайгаа харилцан ашигтайгаар хамтран ажиллах бодлого барьж байгаа. Хөрш орнууд ийм замаар хамтарч ажиллавал хамтын ажиллагаа бат бөх, урт хугацааны турш үргэлжилдэг” гэдгийг онцлов. Мөн БНХАУ гадаад бодлогодоо өөрийн төлөө бусдыг хохироохгүй харилцан ашигтай, бүтээлч, эерэг нөлөөтэй байх зарчим баримталж буйг дуулгасан. Мөн уул усаараа холбогддог хөрш орнуудын хувьд хамтын ажиллагаа идэвхтэй байхад иргэдийн оролцоо их” гэлээ. Түүнчлэн БНХАУ олон улсын маргаан, халуун цэгт энхийг эрхэмлэсэн, терроризм, зэвсэглэлийн эсрэг байр суурь баримтална гэв. Тиймээс Монгол Улс, БНХАУ, ОХУ дээрх асуудлуудад ямар байр суурьтай оролцох талаар санал нэгтгэж дараачийн 3 талт уулзалтаар нэгдсэн “Уриалга” гаргах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн юм.
Тус гурван талт уулзалтын эхлэлийг монголын талын санаачлагаар 2014 онд Олон улсын энх тайвны өдрийг тохиолдуулан БНХАУ-ын Си Ан хотноо болсон “БНХАУ, Зүүн өмнөд Азийн орнуудын энх тайвны дээд хэмжээний уулзалт”-ын үер Монгол, Хятад, Орос 3 талт дугуй ширээний уулзалт хийж, цаашид жил бүр тогтмолжуулахаар тогтсон юм. Иймээс 2 дахь удаагийн ээлжит уулзалт Улаанбаатар хотноо ийнхүү зохион байгуулагдав.
МОНГОЛЫН ЭНХ ТАЙВАН, НАЙРАМДЛЫН БАЙГУУЛЛАГЫН
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛИЙН АЛБА
Leave a Reply