2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр БНХАУ-ын Фу Жиан мужийн Ү И Шан хотноо Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллага, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Соёлыг дэлгэрүүлэх Нийгэмлэг, Оросын Холбооны Улсын Стратегийн хөрөнгө оруулалтын Сан нь гурван талын найрамдалт хэлэлцээр хийж “Түмэн газрын цайны зам (Олон улсын) хамтын ажиллагааны байгууллага” үүсгэн байгуулах гэрээнд гарын үсэг зуралцлаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улс гурван талд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурснаар “Түмэн газрын цайны зам (Олон улсын) хамтын ажиллагааны байгууллага ” байгуулж, цайны соёлыг хөгжүүлэхэд хамтран ажиллах, энэхүү хамтын ажиллагааны байгууллагад цайны аж ахуй эрхлэгчдийг татан оруулах, түмэн газрын цайны замын дагуу цайны үйлдвэрлэлийг хөгжүүлэх, түмэн газрын цайны замын дахин сэргэлтийг хэрэгжүүлэх, түмэн газрын цайны зам хот болон бүс нутгийн соёл, аялал жуулчлал, эдийн засгийн солилцоо, хамтын ажиллагааг бий болгох зорилготой юм.
Хамтын ажиллагааны байгууллага нь Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улсад ээлжлэн жил бүр нэг удаа хуралдаж, асуудлаа хэлэлцэж байхаар санамж бичигт тусгагдсан юм.
БНХАУ-ын Соёлыг дэлгэрүүлэх Нийгэмлэг нь 1992 онд байгуулагдсан бөгөөд улсын хэмжээний үйл ажиллагаа явуулдаг нийгмийн томоохон байгууллага бөгөөд БНХАУ-ын нийгмийн томоохон нөлөө бүхий төрийн бус байгууллагын нэг юм. Хятадын соёлыг түгээн дэлгэрүүлэх, олон улсын соёлын харилцааг дэмжихийг гол үйл ажиллагааны зорилго болгон ажилладаг юм.
Оросын Холбооны Улсын Стратегийн хөрөнгө оруулалтын Сан нь ихэвчлэн дэлхийн эрдэс баялгийн төслүүдийг нэгтгэх, зах зээлийг нэмэгдүүлэх, өрөгжүүлэх боломжийг дэмжих ОХУ дахь европын стратегийн хөрөнгө оруулалтын салбар юм.
Leave a Reply