Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 20 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохиогдож буй Бээжин-Улаанбаатар “Түмэн газрын цайны зам” соёлын арга хэмжээг Монголын Энх тайван,Найрамдлын Байгууллага, БНХАУ-ын Хятадын соёлыг дэлгэрүүлэх Нийгэмлэг хамтран 2014 оны 8-р сарын 21-25-ны хооронд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.
“Түмэн газрын цайны зам” бол торгоны замын нэг чухал хэсэг бөгөөд энэ нь ирээдүйд хоёр орны найрсаг нөхөрлөлийн дунд эдийн засаг, соёл, аялал зуучлалын зам гэсэн чухал хэсэг юм. Энэхүү арга хэмжээ нь Монгол, Хятад хоёр улсын цаашдын хөгжлийг дэмжих, соёл иргэншил, зан заншлыг харуулахын тулд цай, ус, төхөөрөмж, хэрэгсэл, хөгжим зэрэг олон талаар харуулсан цайны соёлын үзэсгэлэнгийн хэсэг, “Түмэн газрын цайны зам” түүхэн зургийн үзэсгэлэн, Хятадын цайны соёлын тоглолт гэсэн гурвал гол хэсгээс бүрдэнэ.
“Түмэн газрын цайны зам” соёлын арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Соёл, спорт, аялал зуучлалын яамны дэд сайд М.Түмэнжаргал болон улс төр, урлаг соёлын төлөөлөл хүрэлцэн ирж, БНХАУ-ын Соёлын сайд Цай У, Хятадын соёлыг дэлгэрүүлэх нийгэмлэг болон бизнесийн 30 гаруй төлөөлөл монгол улсад хүрэлцэн ирж оролцлоо.
Монгол, Хятад хоёр орны соёлын харилцааг гүнзгийрүүлж, ард түмний найрамдал, харилцан итгэлцлийг хөгжүүлэхийн тулд Бээжин-Улаанбаатар “Түмэн газрын цайны зам” арга хэмжээний үеэр Монголын Энх тайван,Найрамдлын Байгууллага, БНХАУ-ын Хятадын соёлыг дэлгэрүүлэх Нийгэмлэг стратегийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан юм.
БНХАУ-ын Соёлыг дэлгэрүүлэх Нийгэмлэг нь 1992 онд байгуулагдсан бөгөөд улсын хэмжээний үйл ажиллагаа явуулдаг нийгмийн томоохон байгууллага бөгөөд БНХАУ-ын хамгийн том, нийгмийн нөлөөлөл хамгийн ихтэй төрийн бус байгууллагын нэг юм. Хятадын соёлыг түгээн дэлгэрүүлэх, олон улсын соёлын харилцааг дэмжихийг гол үйл ажиллагааны зорилго болгон ажилладаг юм.
Leave a Reply