БНХАУ-ын Ху Бэй мужийн Чиби хотноо 2015 оны 11 сарын 06-08-ний өдрүүдэд Хятадын соёлыг дэлгэрүүлэх Нийгэмлэгээс зохион байгуулсан “Олон улсын цайны их хурал”-д дэлхийн 30 гаруй орны 100 гаран төлөөлөл оролцсон бөгөөд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төлөөлөгчид голлон оролцов. Арга хэмжээнд Монгол Улсаас УИХ-ын дэд дарга Л.Цог, Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав, Төв аймгийн засаг дарга Д.Баярбат, Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын тусгай үүрэг гүйцэтгэгч нарийн бичгийн дарга, Гадаад хэргийн дэд сайд асан Г.Тэнгэр, МЭТНБ-ын Хөрш орнуудын газрын дэд захирал Э.Ундраа, Хил хамгаалах ерөнхий газрын ахмадын холбооны тэргүүн, хурандаа Г.Бямбасүрэн нарийн төлөөлөгчид оролцлоо. Тус хурал нь БНХАУ-ын зүгээс санаачилсан “Торгоны замын эдийн засаг” буюу “Нэг бүс-нэг зам” стратегийн бодлогыг хэрэгжүүлэх, “Түмэн газрын цайны зам”-ыг дахин сэргээж түүний зам дагуух хотуудын хөгжил, соёл, аялал жуулчлал, худалдааг хөгжүүлэх, “Хөх мөрний эдийн засгийн бүс ба Түмэн газрын цайны зам” бодлогыг хэрэгжүүлэх зорилготой юм. БНХАУ-ын дарга Си Зиньпин хоёр жилийн өмнө Чиби хотноо айлчлах үеэрээ “Хөх мөрний эдийн засгийн бүс”-ийг байгуулах шийдвэр гарч энэ удаагийн хурлын үеэр “Хөх мөрний эдийн засгийн бүс ба Түмэн газрын цайны зам форум“ зохион байгуулсан юм. “Хөх мөрний эдийн засгийн бүс” нь Зүүн хойд Азийг Баруун Европтой холбох үүрэгтэй бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Волга мөрний эдийн засгийн бүс”-ийг байгуулж түүнийгээ “Хөх мөрний эдийн засгийн бүс”- тэй холбох санаачилгыг дэвшүүлсэн юм. Тиймээс хоёр хөршийн дэвшүүлсэн бодлоготой нийцүүлэн “Сэлэнгэ мөрний эдийн засгийн бүс” байгуулан хамтран ажиллах боломжтой талаар Ерөнхийлөгч Д.Загджав Олон улсын цайны их хуралд тавьсан илтгэлдээ дурдав. Тэрээр хэлэхдээ: Хүн төрөлхтөн эрт дээр үеэс гол, мөрнөө дагаж аж амьдралаа төвхнүүлж ирсэн уламжлалтай. БНХАУ-ын 11 мужийг дамнасан Хөх мөрний болон ОХУ-аас дэвшүүлсэн 13 мужийг дамнасан “Волга мөрний эдийн засгийн бүс” байгуулж хооронд нь холбох хоёр хөршийн бодлогыг дэмжиж Монгол Улс “Сэлэнгэ мөрний эдийн засгийн бүс”-ээр дамжуулан идэвхтэй хамтран ажиллах ёстой. Энэ нь манай эдийн засагт чухал ач холбогдолтой, томоохон цогц асуудал юм. Бүс нутгийнхаа интеграцид нэгдэхгүйгээр бид зөвхөн чөлөөт бүс “Талын зам” гэж ярьж болохгүй. Бодлого боловсруулж асуудлыг цогцоор нь шийдвэрлэх ёстой. Дэлхийд худалдаа эдийн засгийн томоохон бүс олон байна. Европын эдийн засгийн бүс Парист, АНУ-ын Нью Йоркийн худалдааны бүс гэх мэтчилэн. Үүнд манай хоёр хөрш нэгдэхийг зорьж байгаа. Тиймээс Монгол Улс хөршийнхөө бодлогоос хоцрох ёсгүй. Хоёр хөрштэйгээ хамтын ажиллагааны бүх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах ёстой. Үүний төлөө Монгол Улсын иргэн, төр засаг, аж ахуйн нэгж бүгд анхаарлаа хандуулж зүтгэвэл хөгжлийн гарц, боломж бидэнд ойрхон байна” гэв.
Түмэн газрын цайны зам Торгоны замыг бодвол 1000 гаруй жилийн хойно бий болсон ч цайны замын дагуух орнуудын эдийн засагт үзүүлж байсан нөлөө нь асар их юм. Цайны зам нь дан ганц худалдааны зам бус үүгээр гурван улсын ард түмний найрамдалт харилцаа, соёлын солилцоо зэрэг нийгмийн олон салбарын харилцаа явагдаж байсан юм.
Дашрамд дурьдахад Чиби хот нь Хятадын цайны замын эхлэлийн цэгт оршдог бөгөөд эндээс эхлэн Монгол Улсын нутаг дэвсгэр, Хиагтаар дамжин ОХУ-ын Санкт-Петербург хот, цаашлаад Европ тив хүрч, гурван улсын найрамдалт харилцааг бэхжүүлэх, цайны замыг баруун европ руу өргөжүүлэх, зам дагуух хотуудыг хөгжүүлэх, Хөх мөрний эдийн засгийн бүс болон Зүүн хойд Азийг Баруун Европын орнуудтай холбох цайны замын огтлолцол дээр байрлаж байгаа чухал ач холбогдолтой хот юм.
Leave a Reply