Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизүг нутаг буцаж байгаатай нь холбогдуулан Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр орны харилцаа хамтын ажиллагааны олон талт өргөн хүрээтэй сэдвээр харилцан санал солилцож, Монгол, Япон харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Монголын Найрамдал хамтын ажиллагааны дээд шагнал “Найрамдлын Алтан-Од” одонгоор Элчин сайд Такэнори Шимизүг шагнасаныг гардуулав.
Энэ үеэр МЭТНБ-ын ерөнхийлөгч Д.ЗАГДЖАВ “Та Элчин сайдаар ажилласан энэ хугацаандаа хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр орууллаа. Монгол, Япон хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа эрчимжиж, гэрээ хэлэлцээрүүд амжилттай хэрэгжин ард түмнүүдийн харилцан итгэлцэл, ойлголцол сайжирч, иргэд байгууллага, бүс нутгийн шууд харилцаа, хамтын ажиллагаа улам гүнзгийрч байна” гэв.
Ноён Т.Шимизү цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд “1973 онд анх удаа Монголд хөл тавьж, миний амьдралын 30 жил Монголтой холбоотой ажил алба эрхэлж, хоёр орны харилцаанд өнгөрүүлсэн он жилүүдийг өндрөөр үнэлсэнд баярлаж байна” гэлээ. Мөн Элчин сайд Т.Шимизү Хүндэтгэлийн дэвтэрт талархлын үгсээ үлдээв.
Шагнал гардуулах ёслолд Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Түмэндэмбэрэл, Хэрэг эрхлэх газрын дарга Р.Баярсайхан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны 2-р нарийн бичгийн дарга Ямамото Кэиго, тус яамны 3-р Нарийн бичгийн дарга Накао Накихито нар байлцав.
МОНГОЛЫН ЭНХ ТАЙВАН, НАЙРАМДЛЫН БАЙГУУЛЛАГЫН
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА